Тойм: УИХ-ын 2021 оны онцлох үйл явдлууд

               
2021-12-31 0

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧЛЭХ ХҮРЭЭНД ДАРААХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах олон чухал хууль батлагдав. Тухайлбал, Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, Төрийн аудит, Эдийн засгийн хөгжил, бодлого төлөвлөлтийн зэрэг олон чухал суурь хуулиуд батлагдлаа.

Шүүхийн тухай багц хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийв

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.15) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав. Тус хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал хийж, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах эрхэм зорилго нэг шатаар урагшилж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцолсон. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилт нь шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, үүгээр дамжуулан шударга ёсыг тогтоох явдал байсныг тэрбээр дурдлаа. 

Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр.

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.24) баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон тус хуулийн төсөл батлагдсанаар ард түмний төлөөлөгчдийн байгууллага Улсын Их Хурлын шинэчлэл амжилттай урагшилж, хууль тогтоомжийн төслийг олон түмнээр хэлэлцүүлж, санаа бодлыг нь авч, олон нийтийн оролцоог хангаж, судалгаа шинжилгээний үндсэн дээр батлан гаргаж, хэрэгжилтэд нь анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль мөрдөгдөж эхэлснээр ард түмний төлөөллийн байгууллага болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаа хөгжлийнхөө бас нэгэн шинэ шатанд гарч, Улсын Их Хурал хууль тогтоохын зэрэгцээ, түүний хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарна.

Хуулийн төслийг өргөн барих үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.07) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн тус хуулийг баталсан. Хууль батлагдсанаар Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход чиглэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.

Эрх зүйн хувьсгалыг эдийн засгийн, нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэсэн гол чиг шугмыг 2021 онд Улсын Их Хурал баримталсан. Энэ хүрээнд сүүлийн гурван парламент, таван Засгийн газрыг дамжуулан хэлэлцсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд хамаатай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.02) баталсан. Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ хийсэн эсэхээс үл хамааран ажиллаад эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцон хуулийн хамгаалалтад орох, хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ ажил эрхлэх, алсын зайн ажил эрхлэлт, туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг орхигдоод байсан хөдөлмөрийн харилцааг тус  хуулиар зохицуулсан юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.04.02) Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Хууль батлагдсанаар эрхзүйн тогтолцоонд, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоонд нэг том алхам хийгдсэн төдийгүй иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий болж байна. Энэ хуулийг баталснаар Монгол Улс Ази тивдээ хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуультай анхны улс боллоо. Энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд шинээр баталж буй хууль тогтоомжийг хүний эрхийн талаас нь анхаарахаас гадна хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийн, ажиллаж буй юм. 

Холбоотой мэдээ