Их Британи “Pfizer”-ын эмэнд зөвшөөрөл олгожээ

               
2022-01-01 0

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар /MHRA/ АНУ-ын “Pfizer” компанийн вирусний эсрэг үйлчилгээтэй “паксловид” эмэнд зөвшөөрөл олгожээ.

Энэхүү эм нь “COVID-19”-өөр хүндээр өвчлөх эрсдэл өндөр насанд хүрэгчдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа юм. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар баасан гарагт цахимаар гаргасан мэдэгдэлдээ “паксловид”-ыг “аюулгүй, үр дүнтэй” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Үүнийг вирусний эсрэг “ритонавир” эмтэй хамт хэрэглэх ажээ.

Хүндээр өвчлөх эрдсэл өндөртэй насанд хүрэгчдийн дунд явуулсан эмнэлзүйн туршилтаар “пакловид”-ыг өдөрт хоёроор таван хоногийн турш уух нэг курс эмчилгээ нь 28 хоногийн дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулжээ. Ингэхдээ эмчилгээг шинж тэмдэг илэрснээс гурван хоногийн дотор эхлүүлж, плацебо буюу идэвхгүй нэгдэл уусан хүмүүстэй харьцуулсан байна.

Их Британи энэхүү эмийг 18 болон түүнээс дээш насны, “COVID-19”-өөр хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн, хүндээр өвчлөх дор хаяж нэг эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “паксловид” эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт олгосон билээ.  

Холбоотой мэдээ