Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн шинэ гишүүд тангараг өргөжээ

               
2022-01-03 0

Хонконгийн Хууль тогтоох зөвлөл буюу парламентын шинэ гишүүд даваа гарагт ажлаа албан ёсоор эхлэхийн өмнө тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслол БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлснээр эхэлж, нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам байлцсан байна.

Шинээр сонгогдсон 90 хууль тогтоогч анхны хурлаа нэгдүгээр сарын 12-нд хийхээр товложээ. Үүнээс өмнө парламентын даргыг сонгоно.

БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүсэд Хууль тогтоох зөвлөлийн долоо дахь удаагийн сонгууль 12 дугаар сарын 19-нд болсон. Гишүүдийнх нь тоог 70-аас 90 болгож өргөжүүлсэн бүс нутгийн парламентын бараг бүх суудлыг засгийн газрыг дэмжигч нэр дэвшигчид авчээ.

Энэ удаагийн сонгууль нь “Хонконгийг эх орончид удирдах” зарчимд нийцүүлэн сонгуулийн тогтолцоонд нь шинэчлэл хийсний дараа явуулсан анхны сонгууль юм. Сонгуулийн санал хураалт 30.2 хувь буюу хамгийн бага ирцтэй болж өнгөрсөн бөгөөд анх удаа ардчиллыг дэмжигч сөрөг хүчний төлөөлөгчдийг оролцуулалгүй явагдсан нь барууныхны шүүмжлэлд өртсөн байна.

Холбоотой мэдээ