Багдадын нисэх буудлын ойролцоо хоёр дроныг сөнөөжээ

               
2022-01-04 0

Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэх АНУ-ын тэргүүлсэн эвсэл Багдад хотын нисэх буудал дахь цэргүүдийнх нь байрладаг байгууламжийг онилсон хоёр зэвсэглэсэн дроныг сөнөөснөө даваа гарагт мэдэгджээ.

Уг нисэх буудлын ойролцоо өгсөн АНУ-ын дроны цохилтын улмаас Ираны генерал Касем Сулеймани болон Иракийн төлөөлөгч амиа алдсанаас хоёр жилийн дараа гарсан дээрх хэргийн хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна.

Өнөө өглөө 4:30 цагийн орчимд Багдадын нисэх буудалд халдлага үйлдэхийг завдсан хоёр дроныг пуужин, их буу, мина харвагчаас хамгаалах зориулалттай “C-RAM” системээр ямар нэгэн гарз хохиролгүйгээр сөнөөсөн гэж эвслийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдээлжээ.

2020 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын цохилтын улмаас Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга генерал К.Сулеймани, “Хашд аль-Шааби” бүлэглэлийн дэд удирдагч Абу Махди аль-Мухандес нар амиа алдсан юм.

“AFP” агентлагт эвслийн төлөөлөгчөөс ирүүлсэн гэрэл зургуудаас үзэхэд, даваа гарагт халдлага үйлдэхийг завдсан дронуудын нэгийнх нь хэлтэрхий дээр “командлагчдын өшөөг авах ажиллагаа” хэмээн бичсэн байжээ.

“Иракийн тал хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хэдийгээр ямар нэгэн хохирол учраагүй ч энэ бол нисэх буудал. Ийм төрлийн халдлага нь маш аюултай” гэж эх сурвалж мэдээлсэн байна.  

Холбоотой мэдээ