Германд хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ

               
2022-01-04 0

Даваа гарагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын янз бүрийн муж улсуудад коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэгчдийн ээлжит жагсаал боллоо.

Бүс нутгуудын цагдаагийн байгууллагуудын мэдээлснээс үзвэл, хамгийн олон хүн оролцсон жагсаал Мекленбург-Өмнөд Померани муж улсад болж, 10 мянга орчим хүн оролцжээ. Тюринги муж улсын Гера, Альтенбург, Зальфельд болон бусад хотуудад 8 мянган хүн жагссан байна. Баварийн Нюрнберг хотод 3 мянга, Германы баруун өмнөд хэсэгт орших Фридрихсхафен хот болон Бранденбург, Саксони муж улсуудын хотуудад тус тус 2 мянган хүн жагсжээ. 

Жагсаалын үеэр ноцтой үйл явдал гараагүй байна.

Одоогийн байдлаар Германд цар тахлын нэг, хоёр, гурав дахь давлагааны үеийнхтэй харьцуулахад харьцангүй зөөлөн хязгаарлалтууд хэрэгжиж байгаа бөгөөд үндсэндээ вакцин хийлгээгүй хүмүүст хамаарч байгаа юм. Вакцинд хамрагдаагүй иргэдийг ресторан, театр, концерт, фитнесс клубээр үйлчлүүлэхийг хоригложээ.

Германы эрх баригчид “омикрон” хувилбар тархахаас болгоомжилж байгаа бөгөөд хязгаарлалтын арга хэмжээг чангатгах асуудлыг шийдэх дараагийн хурлыг баасан гарагт хийхээр товлосон байна. 

Холбоотой мэдээ