Цөмийн таван гүрний удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргалаа

               
2022-01-04 0

Цөмийн таван гүрэн гэгддэг Орос, Хятад, Их Британи, АНУ, Францын удирдагчид цөмийн дайнаас сэргийлэх, зэвсгээр хөөцөлдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Тэднийг мэдэгдлийг Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ.

Дээрх таван орны удирдагчид “цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд дайн гарахаас урьдчилан сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулахыг үндсэн үүргээ гэж үзэж байгааг” мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Цөмийн дайнд ялагч байх боломжгүй бөгөөд хэзээ ч гарах ёсгүй гэдгийг бид мэдэгдэж байна. Цөмийн зэвсэг хэрэглэх нь  асар их уршиг дагуулах тул цөмийн зэвсэг байсаар байгаа цагт хамгаалалтын зорилгоор үйлчилж, түрэмгийллийг тогтоон барьж, дайнаас сэргийлэх ёстой гэдгийг бид мөн нотолж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, зэвсэг хураах, хяналт тавих тухай хоёр болон олон талт хэлэлцээр, тэр дундаа Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг дагаж мөрдөхийн чухлыг нотлов.

Цөмийн таван гүрний удирдагчид эцэст нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын тулд бүх улс оронтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ