Япон, АНУ “2+2” хэлбэрийн уулзалтаа цахимаар зохион байгуулна

               
2022-01-05 0

Япон, АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар баасан гаргийн өглөө цахимаар уулзана гэж Японы Засгийн газар мэдэгдлээ.

Энэхүү уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар оролцоно.

“2+2” хэлбэрийн уулзалтыг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулахаар товлоод байсан боловч тус улсад коронавирусний өвчлөл дахин нэмэгдэх болсныг харгалзан ийнхүү цахимаар явуулахаар болжээ.

Японы Засгийн газрын мэдээлснээр, сайд нар хоёр оронд тулгарч буй аюулгүй байдлын сорилтуудын талаар хэлэлцэхээс гадна чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоохын төлөөх хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох төлөвтэй байна.

Мөн Япон-АНУ-ын эвслийн тогтоон барих, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх ажээ. Түүнчлэн АНУ-ын цэргүүдийг нутагтаа байршуулахад Японы талын хариуцах зардлыг нэмэгдүүлэх тохиролцоог баталгаажуулна.

Японы Засгийн газар аюулгүй байдлын сорилтуудын талаар АНУ-ын талтай санал бодлоо хуваалцан хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэж найдаж байна. Үүнд Хятад улсын далай тэнгис дэх үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, БНАСАУ-ын пуужин, цөмийн бүтээн байгуулалт зэрэг багтаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ