“Омикрон” хувилбар цар тахал дуусахын дохио байж магадгүй

               
2022-01-09 0

“Омикрон” хувилбараар үүсгэгдсэн “COVID-19” өвчний явцын онцлог нь дэлхий дахин коронавирусний цар тахлаас гарах замдаа байгааг илтгэж байж магадгүй байна.

Ийм дүгнэлтийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хот дахь Стив Бикогийн нэрэмжит эмнэлгийн эмч нар хийсэн талаар тус улсын “News24” мэдээллийн цахим хуудас мэдээлжээ.

“Хэрэв Өмнөд Африк дахь “омикрон” хувилбарын тархалтын загвар бусад оронд давтагдвал коронавирусний уг шинэ хувилбар нь “COVID-19” цар тахал дуусаж байгаагийн дохио байж магадгүй юм” гэж эмч нарын тайланд дурдсан байна.

”Омикрон” хувилбар тус улсад урьд өмнө байгаагүй хурдтай тархаж, дөрвөн долоо хоногийн дотор оргилдоо хүрсэн боловч коронавирусний бусад хувилбартай харьцуулахад илүү хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байсан бөгөөд үүний дараа халдварын тохиолдлын тоо хурдацтай буурч эхэлснийг эмч нар тайландаа онцолжээ. 

Өмнөд Африкийн эмч нарын мэдэгдэж буйгаар, өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур “омикрон” хувилбар тархсанаас үүдэлтэй цар тахлын дөрөв дэх давлагааны үеэр Стив Бикогийн нэрэмжит академийн эмнэлэгт өмнөх давлагааны үеэрх 3976 хүнтэй харьцуулахад 466 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Үүний зэрэгцээ нас баралтын түвшин 4.5 хувь байсан бол халдварын өмнөх давлагааны үеэр 21.3 хувь байсан байна. 

Холбоотой мэдээ