Бээжин 2022: Монголын тамирчид өнөөдөр уралдана

               
2022-02-08 0

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд зохиогдох юм.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх юм. Тэмцээнд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарна.

Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин өрсөлдөнө. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлнэ.

Хоёрдугаар шатанд үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөнө. Хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарна. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах аж.

Холбоотой мэдээ