Билли Айлиш шүтэн бишрэгчдээ туслахаар тоглолтоо зогсоожээ

               
2022-02-11 0

Грэммийн шагналт дуучин Билли Айлиш АНУ-ын Атлантад хийсэн тоглолтынхоо үеэр гаргасан үйлдэл нь цахимд олны талархлыг хүлээж, эерэг сэтгэгдэл авсаар багаа юм. Тэрбээр “Happier Than Ever” нэртэй аялан тоглолтоо хийж буй.

Билли Айлиш Атланта хот дахь тоглолтынхоо үеэр үзэгчдийн дунд нэгэн залуу эмэгтэйн амьсгал нь давчдаж байгааг анзаарч, тоглолтоо зогсоон “Танд багтрааны цацлага хэрэгтэй байна уу” хэмээн асуужээ.Тоглолт үзэж байсан олон мянган хүн энэ мөчийн гэрч болж, бичлэг хийснээ цахимд нийтэлсэн байна. Үзэгчдийн хийсэн бичлэгт Билли Айлиш тоглолтыг зохион байгуулах аюулгүй байдлын албаныханд хандаж багтрааны цацлага яаралтай авч ирэхийг хүсчээ.

Түүний хэлсний дагуу ажилтнууд эмэгтэйн биеийн байдлыг үзэж байх зуур Билли Айлиш үзэгчдэдээ хандаж “Зүгээр дээ, Түүнд жаахан хугацаа өгчих. Та бүхэн амьсгалыг нь чөлөөлж, битгий их бөөгнөрөөрэй” гэжээ. Амьсгал нь боогдсон залуу эмэгтэйн бие хэсэг хугацааны дараа хэвийн болж, тоглолтоо үргэлжлүүлэн үзсэн байна.

Ташрамд дурдахад, АНУ-ын реппер Трэвис Скоттын Техас мужийн Хьюстон хотод хийсэн тоглолтын үеэр олны хөлд дарагдаж, хэд хэдэн хүн амь насаа алдсан харамсалтай осол гарсан юм. Дуучин залууг үзэгчдээ үл тоож, тоглолтоо дуустал нь явуулсанд бухимдсан иргэд олон нийтийн сүлжээнд сөрөг сэтгэгдэл үлдээж, нэлээдгүй асуудал дагуулсан байдаг.

Холбоотой мэдээ