Т.Баярхүү: Гадаадын иргэдийг тусгаарлахгүй

               
2022-02-14 0

Өнөөдөр УОК, Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Харин УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү боомт болон гадаад улсаас Монгол улсад ирсэн иргэдийн тусгаарлалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрөөс цар тахалтай холбоотой бүх хорио, хязгаарлалтыг цуцалсан. Гэсэн хэдий ч боомтын орчимд улбар шар түвшинг баримтлагдана. Төрийн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Бид 2021 оны тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар хил гаалиа нээсэн. Монгол Улсад гадаадын иргэн зорчихын тулд сөрөг гэсэн шинжилгээний хариутай байхад л болно. Түүнчлэн монгол улсад үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой. Мөн гадаад улсаас ирсэн иргэдийг гурван өдөр тусгаарладаг байсан журмыг цуцалсан. Энэ нь албан ажил болоод аялах зорилгоор Монгол Улсыг зорьж буй иргэдэд хүндрэлтэй байсан. Тиймээс гадаадын иргэдийг тусгаарлахгүй.

Манай улсад Омикрон хувилбарын BA-1 хувилбар тархаад байсан бол халдварын давлагаа үндсэндээ буурч байна. Нэгдүгээр сарын дунд үетэй харьцуулахад 50 орчим хувиар багассан. Гэсэн ч иргэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутгах, агаар сэлгэлт хийж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ