Хонконгийн эрх баригчид бүх хүн амаа ковид илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна

               
2022-02-17 0


Иргэдийг шинжилгээнд хамруулах хөтөлбөрийг гуравдугаар сард эхлүүлэх бөгөөд Хятадын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар зохион байгуулна гэж “The Standard” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, өдөрт нэг сая хүртэлх хүнийг шинжилгээнд хамруулна. Хонконгийн эмч нар өөрсдөө ийм олон шинжилгээ хийх боломжгүй тул зарим сорьцыг хөрш Шэньжэнь хотын (Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун муж) лаборатори руу илгээх аж. 

Хонконгийн иргэд нийтдээ гурван долоо хоногийн хугацаанд гурван удаа заавал шинжилгээ өгөх ёстой. Хонконг нь 7.5 сая хүн амтай юм.

Одоогийн байдлаар хүн амынх нь 84.5 хувь нь коронавирусний вакцинжуулалтад хамрагдаад байгаа БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүсэд цар тахал дэгдсэнээс хойших халдварын томоохон дэгдэлт гараад байгаа юм. Лхагва гарагт тус хотод 4285 шинэ тохиолдол батлагдсан нь халдвар тархсанаас хойших хамгийн олон тохиолдол болжээ. Коронавирусний халдвар авсны улмаас есөн хүн нас барсан байна.

Халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Хонконгийн эрх баригчид сургууль, спорт, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг хаасан бол зоогийн газрууд 18:00 цагаас хойш зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна. Лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөртөө засах энэхүү бүс нутагт дэгдэлтийг аль болох хурдан хяналтад оруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг биечлэн үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ