Өнгөрсөн онд дэлхийн худалдааны хэмжээ хамгийн дээд үзүүлэлт буюу 28.5 их наяд ам.долларт хүрчээ

               
2022-02-17 0

Өнгөрсөн оны үзүүлэлт 2020 оныхоос 25 хувиар, 2019 оныхоос 13 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин энэ оны эхний улиралд энэ салбарын өсөлт удааширна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас (ЮНКТАД) лхагва гарагт гаргасан тайланд дурджээ.

ЮНКТАД-ын таамагласнаар, 2022 оны эхний улиралд худалдааны өсөлтийн хурдац “саарах” тул худалдааны хэмжээ “2021 оны дөрөвдүгээр улирлын түвшинтэй ойролцоо байх” төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, өнгөрсөн онд “олон улсын худалдаанд ажиглагдсан эерэг хандлага” нь “цар талын улмаас тогтоосон хязгаарлалтуудыг сулруулсантай холбоотойгоор түүхий эдийн үнэ нэмэгдсэн болон эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээ авсны ачаар эрэлт хүчтэй сэргэсэнтэй” холбоотой. Харин энэ онд АНУ-ын инфляц, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйл дэлхийн худалдаанд нөлөөлнө гэж ЮНКТАД-ын шинжээчид үзэж байна.

Тайланг гаргагчдын цохон тэмдэглэснээр, цар тахал “нийлүүлэлтийн гинжин хэлхээ урьд өмнө байгаагүйгээр нөлөөлжээ”. Ложистик буюу тээвэр зуучийн үйлчилгээнд үүссэн доголдол, хагас дамжуулагчийн хомсдол, мөн эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөн нь “нийлүүлэлтийг тасалдуулж, далайн ачаа тээврийн өртөг огцом өсөхөд нөлөөлсөн гэж ЮНКТАД-ын тайланд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ